Газар зүйн байршил, нутаг дэвсгэр
Сүмбэр сум Төв аймгийн баруун хойт хэсэгт ойт хээрийн бүсэд багтах уул, ой мод, хээр, хөндий хосолсон Орхон Сэлэнгийн сав газарт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 161 км, Дархан хотоос 100 км, Эрдэнэт хотоос 180 км аймгийн төв Зуун мод хотоос 206 км гурван том хотын төвд Төмөр Замын Баруунхараа станцаас 19 км зайтай оршдог. сумын төвөө хүртэл хатуу хучилттай замаар бүх хотуудтай холбогдсон зах зээлийн хамгийн тохиромжтой бүсэд байрласан.
Газар тариалан, мал аж ахуй эрхлэх давуу талтай сумын нэг юм. Нийт 36,0 мянган га нутагтай Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон, Баруунхараа сумуудтай хил залган байрладаг, нийт нутгийн 22,3 мянган га хөдөө аж ахуйн эдэлбэр 2,9 мянган га ойн сан, 0,8 га усан сан, зам шугам сүлжээ тусгай хэрэгцээний болон төв суурингийн газар нутагтай далайн түвшнээс 890-1375м өргөгдсөн, элсэнцэр хүрэн хөрстэй нутаг билээ.
1.2. Газрын гадаргуу
Сумын нутаг нь далайн түвшингээс дээш 890-1375м өргөгдсөн ХАА-н эдэлбэр газрын 43,0% буюу 12,3 мянган га-г бэлчээрийн талбай эзэлдэг бол газар тариалангийн үйлдвэрлэлд тохиромжтой 10,5 мянган га нь агро үйлдвэрлэлийн 1,2 бүлгийн хөнгөн шавранцар хар хүрэн, хүрэн хөрс эзэлдэг нь таримал ургамлын ургах хэвийн нөхцөлийг хангах бүрэн боломжтой бөгөөд хур тундас элбэгтэй жилд Угалзын хоолой, Загдалын гол дагуу, Туудангийн амны талбай төмсний арвин ургац өгдөг өгөөмөр нутаг юм.
1.3. Уур амьсгал, цаг агаар
Сүмбэр сумын уур амьсгал цаг агаар аядуу зөөлөн учир ХАА-н үйлдвэрлэлд нэн тохиромжтой юм. Зуд тэр бүр тохиогоод байдаггүй.Жилдээ дунджаар 170-230 мм тунадас унадаг боловч зарим жилд 350-400 мм тунадас унаж байлаа. Жилийн дундаж агаарын темдартур хамгийн хүйтэн үедээ 37-43 хэм, зуны хамгийн халуун үедээ +30+35 хэм хүрч, таримал ургамлын ургах хамгийн ашигтай хоногийн тоо 90-120 хоног байсан боловч сүүлийн 5 жилд энэ хоногийн тоо 15 орчмоор нэмэгдэх байдалтай болжээ.
1.4 Усны нөөц
Сүмбэр сумын хүн малын усан хангамж нь Шар толгой ,Бургатайн эхний булгаас эх авсан Загдалын голын усаар хангагддаг. Зууны цагт Загдалны голын хөндий дагуу Баруун хараагийн нутаг хүртлэх газарт зуслан гарч хүн малын ундны усыг Загдалын гол хангадаг бөгөөд өвлийн улиралд хүн малын ундны усыг гүн өрмийн худгийн усаар хангаж иржээ.
Өнөөгийн байдлаар хүн амын ундны усны зориулалттай гүн өрмийн 11, газар тариалангийн зориулалттай 8-н гүн өрмийн худаг, мал услах зориулалтын энгийн уурхайн 16 худаг ашиглагдаж байна.
1.5 Өвс ургамал.
Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцагт ургамал шар,хөх хүцэнгэ,хиаг, хэрийн хялгана, өлөн зэрэг үет ургамлууд ойн цоорхой толгод модны хаяагаар сөд өвс, таван салаа, нохойн хошуу, дэгд цээнэ,үхэр хонин зээргэнэ,мангир,бөрөлзгөнө зэрэг цэцэг навчит ургамлууд гүзээлзгэнэ, улаалзгана,мойл зэрэг жимслэг ургамлууд сайн ургадаг бөгөөд ойн 10 орчим хувийг нарс 90 орчим хувийг хус,улиас болон бутлаг ургамал эзэлдэг юм.
Тус суманд малын тоо толгой өсөж мал аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа идэвхижснээс бэлчээрийн талбайн нөөц багадаж хаваржаа,өвөлжөө,намаржааны газрыг байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдэхүүн эрс өөрчлөгдөх болсон байна. Ийм учраас бэлчээрийн талбайн ашиглалтын байдалд онцгой анхаарч малын тоо толгойг бэлчээрийнхээ даацад тохируулан өсгөх асуудалд анхаарах явдал нэн тэргүүний зорилт болж байна.
1.6 Ан амьтад, ашигт малтмал
Сүмбэр сумын нутаг дэвсгэр нь ой мод багатай учир ан амьтан ховортой боловч нутгийн урд хэсгээрээ буга согоо,бор гөрөөс,дорго,жирх,туулай, уулаараа чоно,үнэг зэрэг амьтан байгаагаас гадна тал хээрийн нутгаар туулай,үнэг,хярс, тарвага,зурам, зэрэг үслэг ан амьтад оршдог.Загдалын гол дагуу нүүдлийн ангир,хун болон тогоруу зэрэг шувууд дайран өнгөрдөг бөгөөд сар, бүргэд,тас,сойр,ятуу, улаан хошуут зэрэг байнгын нутагшсан жигүүртэнтэй өгөөмөр нутаг юм.
Сумын нутаг дэвсгэрт бүр 1960-70-аад оноос эхлэн алтны хайгуул шинжилгээ хийж байсан бөгөөд одоо нутгийн ...... ууланд алт олборлох, хайгуул хийгдэж байна. Ер нь Сүмбэр сум нутгийнхаа төвөөс эхлээд алтны нөөцтэй газар гэж нутгийн иргэд үздэг юм билээ.
1.7 Байгалын үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд
Сүмбэр сум хэдий нутаг багатай ч байгалын онцлог тогтоц бүхий үзэсгэлэнтэй газрууд олон байдаг юм. Сумын төвөөс зүүн урагш Мужинтын ам, Мужинтын булаг, Даваатын ам,Даваатын булаг,Баруун хараа сумтай хил залгаа газрууд, Бараат Уулын ар, Дайргантын өвөр, Орхон сумтай хил залгаа нутаг зэрэг үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Сумын нутгийн Зүүн хэсэгт хүн чулууны цогцолбор түүхийн дурсгалт газар байх бөгөөд нутгийн иргэд шүтэн тахисаар ирсэн түүхтэй.Энэ газар Атарын Хоёрдугаар аяны үеэр 52 га газар услалтын систем бүхий төмс, хүнсний ногооны газар хагалж байх үеэр овоог нь нурааж зарим Хүн чулууг нь эвдэж сүйтгэснээс гадна нэг хүн чулуу нь ор сураггүй алга болсон гэж нутгийн иргэд,тухайн үед ажиллаж амьдарч байсан хүмүүс ярьдаг юм.
1.8 Хүн ам
Сүмбэр нь дээр үеэс бие даасан сум байгаагүй Жаргалант сум сангийн аж ахуйн Хар эргийн Батсүмбэр тасаг байгаад Атарын 2-р аяны үеэр шинэ сангийн аж ахуйнууд байгуулагдахад 1976 онд бие даасан сум болсон учраас сумын хүн амын ихэнх нь Жаргалантын сангийн аж ахуйг зорьж ирсэн уугуул иргэд бөгөөд Хүн амын нэгээхэн хэсгийг Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг баруун аймгуудаас сангийн аж ахуйг ажиллах хүчээр хангах зохион байгуулалттай элсэлтээр ирсэн иргэд эзэлдэг юм. Одоо тус суманд 520 өрхийн 1823 иргэн амьдарч байна.