А.Сүглэгмаа: Нэг ч гэсэн хүүхдийн хүсэл мөрөөдөлд гүүр нь болох юмсан гэж бодож зорьж ирж ажиллаж байна
- Сүмбэр нутаг надад миний байх ёстой газар шиг тайван мэдрэмж өгч байна-
“Өсвөрийн сэтгүүлч” клубийн сурагчид бид сумандаа өрнөж буй шинэ содон бүхнийг хүүхдүүддээ төдийгүй сумынхандаа хүргэж байхыг хичээдэг билээ. Энэ удаа “ Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Зохиолчтой уулзах цаг” уулзалтаар Монголын Зохиолчдын эвлэлийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Андрейн Сүглэгмаа эгч урилгаар оролцсон юм. Тэр манай сумын Соёлын төвийн “Номын санч”-аар томилогдоод удаагүй байгаа билээ. Нүдээрээ инээмсэглэсэн, хүүхэд бүртэй дотночлон мэндлэх тэрбээр бидний ярилцах урилгыг ч уриалгахнаар хүлээн авсан нь хайрлам байлаа. А.Сүглэгмаа эгчтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Өсвөрийн сэтгүүлч: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сумын хүүхдүүдийн талаар, Сүмбэрчүүдийн талаарх анхны сэтгэгдлээс нь хуваалцмаар санагдаж байна?
С: Баярлалаа. Сүмбэр сумынхан их оюунлаг "Оюунлаг Октьябарчууд" гэж дотроо бодох дуртай. Ном их уншдаг, номонд хайртай хүүхдүүдтэй юм билээ.
Өсвөрийн сэтгүүлч: Та их хотын түмэн бужигнасан амьдралаас анир чимээгүй сумын төвд ирж ажиллаж байгаа шүү дээ. Амьдралын хэмнэл чинь солигдох танд ямар санагдаж байна вэ?
С: Их сонирхолтой. Сэтгүүлчийн гал тогоонд чанагдаж, тархиа мөнхөд ажиллуулдаг байсан бол урлаг соёлын тансаг номын их өргөөнд ирэхээр “Миний байх ёстой газар юм шиг тайван мэдрэмж авч байна”.
Өсвөрийн сэтгүүлч: Гайхалтай, тэгвэл та бидэнд анх ажлын байран дээр гарч байсан мэдрэмжээс хуваалцаач?
С: Маш их айж сандарч байсан. "Буруу асуулт асуучихвий" гээд л ... бэлдсэн асуултаа мартах ч юм уу? Иймэрхүү сандрах тохиолдол маш их гардаг. Гэхдээ олон хүнтэй ярилцаад ирэхээр "За энэ хүн ингэж ярих гэж байгаа юм чинь энэ талаас нь асууна" гээд туршлага суудаг. Өсвөрийн сэтгүүлчдэдээ зөвлөхөд тухайн хүнтэй ярьсан ярианаас халуун цэгийг нь олж гарчгийг нь тавина гэдэг чухал. Гарчиг гэдэг уншигчдыг татах, уншуулах хүч нь болж байдаг. Зарим хүмүүс хандалтыг бодож гарчгаа зөв тавилгүй хэлсэн үгийг нь мушгиж гуйвуулдаг. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал.
Өсвөрийн сэтгүүлч: Манай клубд үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна. Яруу найраг сонирхож байгаа хүүхдүүд тэгвэл юун дээрээ анхаарвал зүгээр вэ?
С: Хүүхэд болгон яруу найрагч болох албагүй. Өөрийгөө илэрхийлдэг; зөв бичдэг; зөв ярьдаг байна гэдэг хүний эзэмших ёстой зайлшгүй чадвар мөн. Яруу найрагч болно гээд зорьсон хүн бол цаад утга агуулгыг өнгөцхөн бус маш гүн ойлгох хэрэгтэй. Шүлгээр юуг илэрхийлэх гэж байгаа, сэтгэл доторх хөндүүр мэдрэмжийг цор ганц дахин давтагдашгүй үгээр бичих нь чухал байдаг. Өрнө Дорнын бүтээлүүдийг уншиж, өргөн хүрээнд сэтгэх нь чухал. БОЛОР ЦОМ-ын наадам шүлгүүдийг өрсөлдүүлдэг. Энэ нь жоохон өрөөсгөл ойлголт хэдий ч тэр дундаас ямар өнгө, өнцгөөр ялгарч чадсан нь түрүүлдэг. Миний хувьд нэлээн хэдэн удаа Болор цомд орж байсан. Хүн өөрөө оролцож байж алдаагаа мэддэг. "Энэ дээр алдчихлаа, дараа нь ингэнэ дээ" гэдэг ч юм уу. Өөрөө өөртөө дүгнэлт хийдэг
Өсвөрийн сэтгүүлч: Өнөөдрийн Соёлын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Зохиолчтой уулзах цаг”уулзалт сурагч бидний хувьд маш сонин содон, шинэлэг байлаа?
С: Бидний үед зохиолчтой ярилцах, уулзалт хийж байгаагүй учраас нэг ч гэсэн хүүхдийн хүсэл мөрөөдөлд гүүр болох юмсан гэж бодож зорьж ирж ажиллаж байна. Ер нь хүүхэд болгон адилхан. "Сурах юмсан, Хөгжих юмсан" гэсэн гэгээн мөрөөдлөөр дүүрэн байдаг. Гол нь энэ мөрөөдлийг нь асаах, услах, гэрэл гэгээ өгөх хүмүүс нь эцэг эх, найзууд, томчууд бид шүү дээ. Ямар хүн болох вэ...гэдэг биднээс хамаарна. Хүүхэд болгоны онцлогт тохирсон тэр чадварыг нь л хөгжүүлэх сайжруулах юмсан гэж боддог доо
Өсвөрийн сэтгүүлч: Та бидний үеийн хүүхдүүдийг юун дээр илүү анхаараасай гэж бодож байна вэ?
С: Саяны уулзалтан дээр хэлсэнчлэн "Мөрөөдөл зорилгоо эртнээс тодорхойлоод тэрнийхээ төлөө тууштай байгаасай. Одоогийн цахим эрин үе гэгдэх аймшигт том мангаст цаг хугацаагаа битгий үрээсэй, залуу насаа битгий урсгаасай. Энэ бол нүдэнд үл анзаарагдах маш олон залуусын хайран цаг хугацааг залгиж байна. Тэгэхлээр үүнд авталгүйгээр ирээдүйгээ төлөвлөвөл мөрөөдөлдөө хүрнэ шүү
Өсвөрийн сэтгүүлч: Тантай ярилцах үнэхээр гоё байлаа, ажилд нь өндөр амжилт хүсье?
С: Өсвөрийн сэтгүүлч хүүхдүүддээ амжилт хүсье. Та нар бол маш хариуцлагатай, адармаатай, адал явдалтай мэргэжллийг сонирхоод эхлэлээс нь атгаад сонирхлоороо суралцаад явж буй хүүхдүүд. Өдөр болгон өөр газраар явж, шинэ хүмүүстэй уулзана. Магадгүй Улаан Чулуутын хогийн цэг дээр ч явж байж мэднэ. Сурвалжилга юм чинь хүн хаа байна тэнд очиж ажиллах ёстой. Тэгэхлээр "Би дургүй , Би чадахгүй" гэсэн тайлбар хийх эрхгүй байдаг. Иймд сэтгүүлч нар сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байдаг шүү.
Ярилцсанд баярлалаа
Ярилцсан. Сурагч Б.Намуун
Ярилцлагыг буулгасан: Сурагч Б.Биндэрьяа