-Халагдаад харина гэж бодсон сүүлийн хоёр хоног нойр хүрээгүй -
Төрөлх нутгаасаа цэргийн албанд мордож, эх орноо батлан хамгаалах иргэний журамт үүргээ нэр төртэй, үлгэр жишээ хааж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж ирсэн Хилийн цэргийн 0146 ангид алба хаасан Баянжаргалын Батпүрэвтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Яг халагдах болсон их догдолдог юм билээ. Сүүлийн хоёр хоног нойр хүрээгүй шүү дээ гэж нүдээрээ инээмсэглэх, даруухан энэ хүүг сумын төвөөр ээжтэйгээ хамт явж байхад нь хууч хөөрсөн нь энэ. Харин 1,2-р ангийн бяцхан хөвгүүд түүнийг сониучирхсан харцаар харж, хамт зургаа татуулж, элдэв асуултаар булж байсан нь хайр татам байсан юм. Тэд ч гэсэн төд удалгүй эх орны хүү болох нь дамжиггүй ээ.
-Юун түрүүнд албаа нэр төртэйгээр хаагаад ирсэнд нь баяр хүргэе. Жилийн өмнө цэрэгт явахаар анкетээ бөглөн, цээж зургаа даруулаад явж байсныг нь тод санаж байна. Тэгсэн халагдаад ирлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
- Баярлалаа та бүхэндээ. Харин тиймээ, нэг жилийн хугацаа маш хурдан өнгөрлөө. Өнгөрсөн жил цэргийн зарлан ирлээ гэдгийг мэдэнгүүтээ хотоос ажлаасаа гараад, үзлэгт орж тэнцэн цэрэгт явсан. Хилийн цэрэгт явья гэж саналаа хэлсэн.
-Ард амьдралаас цэргийн амьдрал руу шилжсэн. Тэндэх амьдралаа цухасхан дурсвал?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 0146 ангид хуваарилагдсан. 45 хоногийн карентинаа дуусгаад застав руугаа очсон. Хилийн заставт сурах зүйл маш их байсан. Хил дээр очоод агтны цэрэг болж, 700 гаруй адуу ганцаараа хариулж байгаад ирсэн. Манаанд хоёр, хоёр цагаар гарна. 10 хоног харуулаар гарна. Тэр хугацаанд сурч мэдэх зүйл өчнөөн байсан. Хийж чаддаг зүйлээ улам сайн хийж сурч, хийж чаддаггүй зүйлээ чаддаг болоод ирсэндээ баяртай байгаа. Заставт гарвал сар бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгдөг. Түүгээрээ цэргүүд өөрсдийн хэрэгцээний зүйлсээ авчихдаг байлаа.
- Хувь хүний үүднээс хамт цэргийн алба хаасан нөхдөөсөө эсвэл заставынхаа захирагчаасаа энэ зан чанарыг нь л өөртөө авч үлдье, амьдралынхаа зарчим болгоё гэж бодсон бодол үлдсэн болов уу?
- Тийм шүү. Аливаа зүйлд хүлээцтэй хандах, хийхээсээ өмнө заавал бодох хэрэгтэй, хүнд уурласан ч гэсэн баруун гараараа цохисон бол зүүн гараараа өөрийгөө татаад авах ухамсартай байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо.
-Шантрах үе байв уу?
-Шантрах үе байсан. Гэхдээ даваад, албаа хаагаад ирсэндээ баяртай байна.
-Нийгмийн сүлжээнд цэргүүд их дарамтанд байдаг, хүүхдүүдээ цэрэгт явуулмааргүй байна гэсэн хандлагууд их харагддаг болсон. Тийм зүйл эргэн тойронд чинь байв уу?
-Тийм зүйл байгаагүй ээ. Хууль чангарсан болохоор тийм дарамт шахалт, дээрэлхэлт байгаагүй. Хааяа болохгүй юм хийвэл шанаа авах зүйл байлгүй л яах вэ. /инээв/
-Нэг жилийн хугацаанд сумаасаа, гэр бүлийнхнээсээ хол байлаа, гэрийнхэн нь хэрхэн угтаж авсан бэ?
-Нутагтаа, гэртээ ирсэн сайхан байна. Нийгмээс бага зэрэг тусгаарлагдаж, байгаа орчиндоо бүр дасчихсан байна... Гэхдээ телевизороос бүх мэдээллээ авчихна, өдөр бүр “Эх орны манаа” гээд сонингоо уншчихна. Сардаа нэг удаа гэрийнхэнтэйгээ утсаар ярьчихна. Яг халагдана гээд бодсон сүүлийн хоёр хоног нойр хүрээгүй, их догдолдог юм билээ. Гэртээ ирсэн дүү нар маань их саначихсан, тэврээд уйлсан...
-Цэргүүд халагдаад ирлээ гэсэн мэдээтэй зэрэгцээд Сүмбэрийн цахим хуудас та хэдээр “амьсгалсан” л даа. Нутгийнхан нь та хэдэн залуусаар бахархаж байгаа нь илт байсан. Үеийн залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Найзууддаа хандаж хэлэхэд нэг жилийн хугацаат цэргийн албандаа шантралгүйгээр яваад ирээрэй. Цаашдын амьдралд чинь маш том амьдралын сургууль болно шүү гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.
ЦҮА. Э.Ууганцэцэг