• 99313667
  • Tovsumber@gmail.com
Э.Ууганцэцэг: Ажиллангаа амарч, амрангаа ажиллаж кайфтай аж төрье гэж боддог

ӨС: Бидний бэлтгэн хүргэдэг “Төгсөгчдөөс асуух 10-н асуулт, 10-н хариулт буланд манай өмнөх дугаарын зочин Р.Гэрэлсайхан таныг урьж оролцуулах санал тавьсан билээ. Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та  бидэнд  өөрийгөө гурван үгээр тодорхойлооч?

Э.У: “Төгсөгчдөөс асуух 10-н асуулт, 10-н хариулт” буланд хэзээ нэг өдөр орох байх гэсэн хүлээлт байсан уу гэвэл тийм. Гэхдээ Р.Гэрэлсайхан багшийн урилгаар оролцоно гэж ёстой бодож байсангүй. Арван жилийн ангийн багшдаа баярлалаа. За би өөрийгөө “задгай сэтгэгч буюу бүтээлч, зөв хандлагатай, эерэг уур амьсгал түгээхийг эрмэлзэгч” гэж тодорхойлмоор байна.

ӨС: Та өөрийнхөө хийж буй ажлыг манай уншигчдад танилцуулаач?

Э.У: Сумынхаа ЗДТГ-т Цахим үйлчилгээний ажилтан гэдэг албан тушаалыг эрхэлж байна. Өөрөөр хэлбэл E-Mongolia-ийн Сүмбэр сум дахь оператор гэж нэрлэж болох юм. Сумынхаа иргэдэд хэрэгтэй лавлагаануудыг түргэн шуурхай гаргаж өгч үйлчилдгээс гадна Сүмбэрийн мэдээ мэдээлэл цахим хуудсыг хөгжүүлэн, орон нутагт өрнөсөн бүхий л үйл явдлын мэдээллийг боловсруулж, иргэдэд  ил тод, нээлттэй хүргэхээр зорьж байна.

ӨС: Таны ажлын онцлог давуу тал болон бэрхшээлтэй тал нь юу бол?

Э.У: Хүнтэй харьцдаг, хүмүүст нэн шаардлагатай лавлагаа мэдээллийг гаргаж өгдөг учраас өрөөнд орж ирсэн хүмүүсийн асуудлыг яаж ийж байгаад шийдээд өгөх юм сан гэж хүсдэг. Заримдаа надаас шалтгаалахгүй интернэт удаан байх, систем гацах зэрэг асуудлууд гардаг л юм.

Мөн нөгөөтэйгүүр иргэд хүнд үйлчилж байхад өмнүүр нь орох, зэрэгцэж ярих... сургалт семинарт цахимаар хамрагдаж байхад “одоохон энэ лавлагааг гаргаад аль" гэж түрэмгийлэх хандлага үе үе ажиглагдана. Гэхдээ тэр бүрт ойлголцоод явахыг хичээдэг. Хөдөө гэлтгүй үйлчилгээний соёлыг бага багаар нэвтрүүлээд байвал одоо эрхэлж буй ажилд бэрхшээлтэй тал гээд байх зүйлгүй дээ. Харилцаанаас л харилцаа үүсдэг шүү дээ.

Цайны цагаараа гэртээ очоод гялс цуйван сэгсэрч идчихээд, аяга тавгаа гялалзтал нь угаачихаад буцаад ажилруугаа “сүнгэнэчихдэг”

ӨС:Орон нутагтаа ажиллаж амьдрахын давуу болон сул талыг юу гэж хардаг вэ?

Э.У: Анзаарсан бол “Эндээс л ургасан, эндээ л уусна... гэж хэдэнтээ өөрийн цахим хуудаснаа нийтэлж байв. Ер нь Октябрьтаа их хайртай. Ойр дотны ганц нэг найздаа ч ярьдаг байлаа. Сумандаа нэг их гоё амьдрахыг мөрөөддөг өө гээд... Нэг их гоё гэдэг нь ажин түжин амар жимэр...амьдрахыг л хэлээд байгаа юм. Энд ядаж л мах сүү, ногоо өндөг гээд өргөн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн органик, гарал үүсэл нь тодорхой байна, зам дээр түгжирч, дам стресстэхийн зовлон мэдэхгүй, цайны цагаараа гэртээ очоод гялс цуйван сэгсэрч идчихээд, аяга тавгаа гялалзтал нь угаачихаад буцаад ажилруугаа “сүнгэнэчих” жишээний... Энэ мэт тоочоод байвал хөдөө давуу тал их.

Аан сул тал гэвэл орон нутагт хэвшмэл хандлага маш их... Хөдөө юм чинь дээ гэсэн бодолтнууд их. Дээр нь хүүхдүүд нэмэлт сургалт, секц дугуйланд хамрагдах боломж нөхцөл хумигдмал байгаад байна гэж хардаг.

Өөрт байхгүй зүйлийг бусдаас битгий хай... гэж ээж минь хэлдэг байв

ӨС: Таны амьдралдаа авч  байсан хамгийн сайн зөвлөгөө юу бол?

Э.У: Ээжийн минь хэлсэн “ Өөрт байхгүй зүйлээ, өрөөл бусдаас битгий хай” Чадвал өөрөө хий. Чадахгүй бол түүнд сайхныг хүс... гэж хэлсэн үг. Бүр афоризм шиг болтлоо ой цээжинд минь тогтоогдсон байдаг юм. Ер нь илүү харж билүү долоох дургүй... Үнэхээр чадаж байгаа, гоё сайхан байгаа бүхнийг сайхан байна, гоё байна гэж хүлээн зөвшөөрч чаддаг, түүнээс суралцдаг чанарыг гэр бүлийн хүмүүжлээс олж авчээ гэж хардаг... Сайн сайхан бүхнийг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй.

Хатан, Ухаан, Нандин гурав минь ээжийнхээ эрч хүчийг бадраагчид

ӨС: Та хэнээс юунаас эрч хүч урам зориг авдаг вэ?

Э.У: Яалт ч үгүй Хатан, Ухаан, Нандин гурав минь... ээжийнхээ урам зориг,  эрч хүчийг бадраагчид. Дээр нь өөрөө, өөрийгөө “контролдох”-ыг хичээж явдаг. Сэтгэлзүйн дархлааг чухалчилдаг. Өөрийгөө юу хийвэл жаргалтай болдог, юунд хамгийн дургүй вэ, яавал миараад унадаг вэ, ямар өдрүүдэд ажлын бүтээмж өндөр байдаг вэ гэдгээ мэднэ. Тиймээс өөрөө өөртөө мотиваци өгч, өөрөө өөртөө “жаргал” үйлдвэрлэдэг гэх үү дээ... Сонсох дуртай хэд хэдэн дуутай, түүнээсээ хэзээ ч уйддаггүй, цахим орчинд хэд хэдэн дагадаг хүнтэй... тэр бичвэрүүдийг харж баясна...

Ө.С: 10 жил хамгийн мартагдашгүй сайхан гэдэг. Таны арван жилийн дурсамжинд үлдсэн хамгийн нандин мөч юу бол?

Э.У: Одоо та хэд бодож байгаа байх, хурдхан 10-н жилээ төгсөх юм сан, гэрээсээ хол явах юм сан гээд л тэ. Үнэндээ арван жилдээ, аав ээжтэйгээ, ах эгч, дүүтэйгээ байх шиг, арван жилийнхэнтэйгээ инээлдээд, маазраад, тоглоод явах шиг тийм жаргалтай өдрүүд томчуудын амьдралд бас л ховор шиг ээ... /инээв/ асуудлууд их. Тиймээс юу гэх гээд байна вэ гэхээр миний хүүхэд нас, 10-н жилийн амьдрал бүхэлдээ хамгийн сайхан байжээ гэж хардаг. Ёстой гоё, нандин өдрүүд тэнд үлдсэн.

Хийж бүтээхийн хүслээр дүүрэн явдаг хүн бүхэнд хайртай

ӨС: 10 жилд төдийгүй, одоо үлгэр жишээ мотиваци авдаг хүн байдаг уу, Нэрлэвэл?

Э.У: Сүхбаатарын Бэлэгмаа гэж сэтгүүлч эмэгтэй бий. Тэр эмэгтэйд маш их талархаж явдаг. 10-н жилээс гэвэл сайхан багш нар их бий. Газарзүйн хичээл ордог байсан Одонгэрэл, 5-р ангид Монгол хэл бичгийн суурийг маш сайн тавьж өгсөн Уранбилэг багш, түүх нийгмийн багш Өнөрмаа... ангийн багш Гээнээ... гэх мэтчилэн...Найзууд гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөхөн найзтай. Гэлээ ч тэд маань өөрсдийн гэсэн давтагдашгүй өвөрмөц, найзуудаасаа Азаагаа онцолж хэлмээр байна, ажлынхнаасаа Архив, бичиг хэргийн эрхлэгч Хашаа эгчийгээ онцлоё. Хамтарч ажиллахад урамтай, хажууд түшигтэй...ер нь хийж бүтээхийн хүслээр дүүрэн явдаг хүн бүхнийг та нарын хэллэгээр “крашладаг” даа. /инээв/.

ӨС: Үүнийг ингээд өөрчлөх юм сан, эсвэл ингээд өөрчилсөн нь манай суманд жишиг болохуйц зүйл болсондоо гэж хардаг зүйл байна уу?

Э.У: Байлгүй яах вэ. 2006 онд 9-р ангид байхдаа Төв аймгийн хэмжээнд зарлагдсан нийтлэлийн уралдаанд “Манай сумын тулгамдсан асуудал” гэсэн бичвэрээр оролцож тухайн үед суманд утас барьдаггүй, малын хулгай их, халаалт төвийн шугам гэж байдаггүй... цэцэрлэгт хүүхдийн тоглоомны асуудал...зэрэг бүхий л болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар айж эмээх зүйлгүйгээр бичиж явуулж байсан байдаг юм. Тэгсэн өнөөх бичвэр нэгдүгээр байрт шалгараад... Тэр үетэй харьцуулбал өнөөдөр сум маань ондоо болсон.

Гэхдээ обьект нэмж барьж, будаг шунх гэхээсээ илүү хүмүүсийг хандлагаа өөрчлөөсэй л гэж хүсдэг. Энэ нам тэр нам гэж талцаж, тэр реакциараа, тэр сэтгэл хөдлөлөөрөө  хандахаас илүү жинхэнэ хийж бүтээе, болгоё чадья гэсэн хэн бүхэнд хөгжих дэвших, баялаг бүтээх нөхцөл боломжийг нь өгдөг байгаасай...  Өөрсдөө ч гэсэн зориулалт гаргадаг байгаасай.Тэгвэл сум маань сэп хийгээд л өндийгөөд ирнэ ээ... 

Суусан газраасаа шороо атгадаг байгаарай... энэ нь ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт биш шүү

ӨС: Тэгвэл залуу үеийнхэндээ хандаж хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл?

Э.У: Эвлэвэл бүтдэг хорвоод бид амьдарч байгаа шүү. Завгүй амьдраарай. Цаг бол алт гэж хэлэхээр та бүгдийн насан дээр нэг их ойшоож хүлээж авдаггүй л юм. Гэхдээ нээрээ л цаг бол алт байсан... хүнд нас насны үечлэлд ойлгож ухаарч авдаг зүйлс байдаг шиг байна... Тэр бүхнээ анзаарч хардаг, гярхай байгаарай... Суусан газраасаа шороо атгадаг байгаарай... энэ нь ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт биш шүү... Үргэлж сураарай, үргэлжлүүлэн сураарай... Эцэст нь амрангаа ажиллаж, ажиллангаа амарч, кайфтай аж төрдөг байгаарай  гэж хэлье. Бид бусдад төвөг удахгүй амьдардаг хүмүүсийг сайн хүмүүс гэж ойлгодог шиг, өөртөө ч гэсэн төвөггүй амьдраарай...

ӨС:Та дараагийн 10-н асуулт, 10-н хариулт буланд хэнийг ороосой гэж хүсэж байна вэ? Яагаад.

Э.У:Энэ хэсэгт их дуртай. Дараагийн ярилцлагын зочиноор Сургуулийн нийгмийн ажилтан П.Майдарыг урьж оролцуулах хүсэлтэй байна. Учир нь жендэрийн хувьд ч мэдрэмжтэй хандахыг эрмэлзлээ. Дээр нь оролцооны байгууллагыг чиглүүлж, хүүхдүүдтэй ойр ажилладаг түүнд та бүхэнд хандаж хэлэхийг хүсдэг зүйлс их байгаа болов уу...

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

2022-06-10 00:00:00