Өсвөрийн Сэтгүүлчид клубийн бэлтгэн хүргэдэг “ТӨГСӨГЧДӨӨС АСУУХ 10-н АСУУЛТ, 10-н ХАРИУЛТ” ярилцлагын булангийн ээлжит зочиноор Боловсролын тэргүүний ажилтан, сургуулийн захирал Рагчаабазарын Гэрэлсайхан оролцлоо.
Тэрбээр манай сургуулийн 8-н жилийн төгсөгчдийн нэг бөгөөд боловсролын салбарт 27 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Р.Гэрэлсайхан багшийг манай ярилцлагын булангийн гурав дахь зочин Төрийн банкны эрхлэгч О.Ганцэцэг урьж оролцуулах санал тавьсныг байнгын уншигчид санаж буй биз ээ.
Биднийг найз шигээ дотночлон хүлээн авч, их ажлынхаа хажуугаар зориулалт гарган ярилцсан эрхэм багшдаа талархахын сацуу түүний ажлын арга барил, мотиваци авдаг зүйлс, Р.Гэрэлсайхан гэж хэн болох талаар түүний дотоод сэтгэл рүү өнгийхийг хичээсэн билээ.
Харин тэр дараагийн дугаарын зочиноор хэнийг санал болгосон бол…?
ӨС: Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Та бидэнд өөрийгөө 3 үгээр тодорхойлж танилцуулаач?
Р.Г: За маш их баярлалаа. Би өөрийгөө ихэмсэг, ханийнхаа хайрын нандин эрдэнэ, хүүхдүүдийнхээ хамгийн хайртай ээж нь гэж тодорхойлмоор байна.
ӨС: Сургуулийнхаа захиралтай ярилцах завшаан тохиосонд бид туйлын их баяртай байна. Та манай уншигчдад сургуулийн талаар товчхон мэдээлэл хүргэвэл?
Р.Г: Манай сургууль 1976 онд байгуулагдсан. Өнөөдрийн хувьд удирдах ажилтан нэг, гүйцэтгэх ажилтан 22, үйлчилгээний ажилтан 15. Нийт 38 багш ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед олимпиад, уралдаан тэмцээн гээд бүхий л арга хэмжээнд 26 сумтайгаа өрсөлдөхүйц хэмжээний амжилтаар дүүрэн байна. Мөн Элсэлтийн Ерөнхий шалгалтаар 2020-2021 оны хичээлийн жилд урд жилүүдийн амжилтаа бататгаад 9-р байрт орсон үзүүлэлттэй байна. Ийм сайхан амжилтаар дүүрэн хамт олонтойгоо ажиллаж байна.
Хамт олондоо талархаж явдаг даа...
ӨС: Таны ажлын онцлог давуу тал болон бэрхшээлтэй тал нь юу бол?
Р.Г: Багшийнх нь хувьд онцлог давуу тал гэхээр энэ сургуульд 17 жил багш хийж байгаад 2011 оны 1 сард сургуулийн захирлаар томилогдсон. Энэ хугацаанд бэрхшээлтэй тал гэхээр /инээв/ бэрхшээлийг багш нь өөрөөсөө л хайдаг. Бэрхшээл бол хувь хүнд л байдаг гэж ойлгодог. Давуу талын тухайд хамт олон маань миний өгсөн үүрэг даалгаврыг ягштал, гүйцэтгэл сайтай биелүүлдэг. Түүнд нь баярлаж явдаг даа.
ӨС: 10 жил хамгийн мартагдашгүй сайхан гэдэг. Таны арван жилийн дурсамжинд үлдсэн хамгийн нандин мөч юу бол?
Р.Г: Хүүхэд байхад их сайхан, сайхан дурсамжууд байна аа. Тэр дундаа Сүмбэр сумынхаа 8-н жилийг төгссөн. Миний төгссөн анги яг энэ хажуу талын анги. Тэр үед анхны хайр, үерхэл... гээд хамаг л сайхан дурсамж үлдээсэн найз нөхдүүд байдаг. Тэр бүгдээр цэнэглэгдэн эрч хүчээр дүүрэн өөдөө тэмүүлж амьдарч байгаадаа баярладаг.
Ер нь ямагт хүний сайн сайхан талыг олж харах мэдрэмж надад илүү байдаг гэж боддог
ӨС: Та хэнээс юунаас эрч хүч урам зориг авдаг вэ?
Р.Г: Эрч хүч, урам зоригийг хажууд байгаа бүхий л хүнээсээ авдаг. Яг одоо бол та бүхнээс, Өсвөрийн сэтгүүлчид клубийнхнээсээ авч байна, мөн дөнгөж саяхан мэндлээд зөрсөн хүүхдүүдээс гэх мэт. Ер нь ямагт хүний сайн сайхан талыг олж харах мэдрэмж надад илүү байдаг гэж боддог. Хүн бүхэнд илүү, давуу тал байдаг. Тэр бүхнээс амьдралын эрч хүч ямар их байдаг юм бэ гэдгийг анзаарч, амьдарч байна даа.
1996 оноос хойш өнөөдрийг хүртэл Сүмбэр сумандаа ажиллаж амьдарч байна
ӨС:Орон нутагтаа ажиллаж амьдрахын давуу болон сул талыг юу гэж хардаг вэ?
Р.Г: Сумынхаа 8-н жилийн сургуулийг төгсөөд, 10 жилээ Жаргалантын арван жилд дүүргэсэн. Төгсөөд ирэхэд Хишигбадрах захирал намайг “Чи нэг жил манайд бага ангийн багш хийгээд өгөөч, орон нутагтаа ийм сайн сурч байсан хүүхэд” зөвшөөрвөл захирал багш нь их баярлахаар байна аа гэж байсан юм. Тэгээд нэг жил бага ангийн багш хийж байлаа. Бага ангийн багш хийж байгаад Багшийн их сургуульд ороод Монгол хэл, Уранзохиолын багш болж төгссөн. Төгсөж ирээд сум орон нутагтаа 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна. Боловсролын салбарт нийт 27 дахь жилдээ ажиллаж байгаагаас 17 жил багш, 11 жил сургуулийн захирлын үүрэгт ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд өөр тийшээ шилжих, ажиллах нөхцөл боломж байсан ч миний сум орон нутаг, сургуулиа ингээд нэг сайхан болгочих юмсан, энэ хүүхдүүдийг ингээд нэг дэмжчих юмсан гэж бодож ажиллаж амьдарсаар 27 дахь хавраа үдэж байна.
Багш нь аливаа эрсдлийг дандаа хайр хишгээр хүлээж авдаг,тийм насан дээрээ ирсэн байна
ӨС: Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу бол?
Р.Г: Миний амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө бол аав ээжийн минь зөвлөгөө. Аав ээж, бас миний ах. Би хоёр ах, хоёр дүүтэй. Би чинь айлын том охин шүү дээ. Айлын том охины давуу тал их ээ. Аав ээж хоёр маань цалингаа буухаар “-За миний охин энэ мөнгийг ингэж зарцуулна шүү гээд өгчихдөг байлаа. Одоо бодох нь ээ, 6,7 настай байхдаа л хүнсээ бэлддэг, дэлгүүр рүү талх авахуулах гээд явуулдаг байжээ. Түүнчлэн авсан зүйлсийнхээ тооцоог хийж өгнө шүү” гэж хэлдэг байсан. Ээж, аав хоёрын маань энэ үйлдэл өнөөдрийн намайг бүтээхэд их чухал нөлөө үзүүлжээ гэж хардаг даа. Ижий аав хоёрынхоо тэр алсын бодлоор маш их бахархдаг. Аав ээж хоёр маань миний хамгийн хайртай, хамгийн дотны зөвлөгч. Миний ах эрэгтэй хүн мөртлөө бидний форумыг индүүдээд, гутлыг тослоод хичээлд нь явуулдаг байлаа.. Том ах хичээл хийсэнгүй гээд хааяа тоншиход дунд ах маань дандаа том ахаас намайг өмөөрдөг.
Гэр бүлийнхний минь тэр зэмлэл хайр болгон зөвлөгөө байж шүү. Түүнчлэн нэмээд хэлэхэд дарга нараасаа үг сонсоход, шаардлага тавихад тэр нь надад зөвлөгөө юм шиг санагддаг. Хүн хайртай хүндээ дандаа зөвлөгөө өгдөг байхгүй юу. Хүний амьдрал дандаа дардан байхгүй. Багш нь 2017 онд ажлаасаа чөлөөлөгдөөд 2019 онд буцаад ажилдаа орсон. Энэ бүхэн надад амьдралын эрч хүчийг маш сайн өгсөн гэж боддог. Яагаад гэхлээр хүн амьдралд дандаа тэнцвэртэй явна гэж байхгүй. Тухайн мөчдөө эрсдэлтэй мэт харагдавч, хүний амьдралыг уруудахуу, өгсөхүү гэдэг асуултын тэмдэг дандаа дагадаг. Тиймээс хүмүүсийг буруутгахаасаа илүүтэй надад энэ хүмүүс эрч хүч урам зориг өгсөн шүү гэж бодож явдаг даа. Багш нь аливаа эрсдлийг дандаа хайр хишгээр хүлээж авдаг. Тийм насан дээрээ ирсэн байна. Хоёр хүн зөрөөд өнгөрөхдөө ингэх юм сан тэгэх юм сан гэж хэлэх нь хүртэл зөвлөгөө шиг санагддаг.
Хүний сайхныг нь түрүүлээд олоод харчихвал ажил аандаа яваад байдаг юм
ӨС: 10 жилд төдийгүй, одоо үлгэр жишээ мотиваци авдаг хүн байдаг уу, Нэрлэвэл?
Р.Г: Өө байлгүй яах вэ. Би гурван анги төгсгөсөн. Тэр дундаа хамгийн элит нь О.Цэнгэнбаяр ангийн даргатай төгсөлтийнхөн байсан. Тэр ангийн маань хамт олон маш эрч хүчтэй. Урлагийн үзлэг байлаа гэж бодоход хоёрхон хоног бэлдээд л нэгдүгээр байрт орох жишээний. Дээрээс нь аливааг хийхдээ гүйцэтгэл сайтай. Алив бүхэнд бүр тасархай түрүүлдэг хүүхдүүд байсан.
Дээрээс нь шавь нараасаа их эрч хүчийг авна. Ажиллагсадаасаа авна. Хүний гэгээлэг зүйлийг нь л олоод харчих юм бол хэзээ ч өөрөө алдаа гаргадаггүй юм шиг л санагддаг. Хүний сайхныг нь түрүүлээд олоод харчихвал ажил аандаа яваад байдаг юм. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш нөгөөдөр ажил дандаа өсөлттэй яваад байдаг байхгүй юу. Багш нь багш хийж байх хугацаандаа нийт 3 сэтгүүлч, 11 монгол хэлний багш бэлтгэсэн юм байна аа. Энэ сургуулийн 40 гаран жилийн хугацаанд хамгийн их эзэмшсэн мэргэжил нь Монгол хэл, уран зохиолынхон байжээ. Түүнчлэн мотиваци авдаг хүмүүсийн маань нэг яах аргагүй намайг захирал болохоос өмнө захирал хийж байсан Б.Нямсүрэн багш маань. 8-н жилд сурч байхдаа энэ багш шиг л багш болох юмсан гэж боддог байлаа. Багш хийгээд 17 жил болж байхад “Нямаа багш маань нэг өдөр дуудаад Гэрэлээ чамтай нэг аминчилж уулзах гэсэн юм аа” гэв. Яасан бэ багшаа гэсэн “-Чи энэ сургуулийн захирал хийгээч” гэхэд нь хүүе багшаа ёстой тийм юм гэж байхгүй” гэж хэлж байлаа. Нямаа багш маань чамд л ажлаа өгчихвөл сэтгэл уужрах гээд байна гээд... гурван удаа хэлээд багшдаа зөвшөөрөөд захирал болж байлаа.
Тухайн үед 7-р анги дааж байсан үе. Сурагчдынхаа хувийн хэрэг дээр 12-р анги төгстөл нь АУБ Р.Гэрэлсайхан... Гэрэлсайхан гээд гарын үсгээ зурчихсан. Дараагийн дааж авсан багш нь “-Захирлаа хүүхэд бүрийн хувийн хэрэг дээр АУБ таны гарын үсэгтэй байна аа...”гэж байв.
Хүн ер нь захирал болно гэж бодохгүй шүү дээ. АУБ-аар нь таван жил гарын үсгээ зурчихсан байсан... Түүнээс гурван жилийн дараа “Мэргэжил бүхэн сайхан” гээд үйл ажиллагаа болоод Нямаа багшийгаа уриад хэлж байсан юм. “Багш шигээ мундаг сайн багш болж чадаагүй ч бас захирал ч больё гэж бодоогүй гэхдээ багш шигээ багш больё гэж хичээж байсан юм шүү гээд... багшийгаа уйлуулж байлаа. Миний багшид хүнийг харах өнцөг байсан юм байна аа л гэж боддог. Би багш шигээ сайн багш, сайн захирал байж чадахгүй ч гэсэн мэрийгээд л яваа.
Сая салбарынхаа 100-н жилийн ойн баярын хуралд оролцлоо. Нямаа багш маань энгэр дүүрэн шагналтай, багшийг нь боловсролын салбарт 20 гаран жил ажиллахад төр засаг үнэлж, төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулж байлаа. Түүнтэй адил яг миний шавь, миний мэргэжлийг эзэмшсэн Б.Мөнхзул маань Боловсролын 100-н жилийн ойгоор Ардын боловсролын тэргүүний ажилтан хэмээх эрхэм сайхан шагналын эзэн болсон. Шавь Г.Болормаа маань Боловсролын жуух бичгээр шагнагдсан. Тус арга хэмжээн дээр Сүмбэр сумын боловсролын салбарын гурван үеийн төлөөлөл очсонд туйлын их баяртай явдаг. Энэ мэт амьдралаас авч болох мотиваци их ээ. Өнөөдөр ажлын өрөөнд маань зочилсон та хэдээсээ ч гэсэн маш их урам зориг авч, эргээд хүүхэд насан дээрээ очсон мэт тийм гэгээхэн мэдрэмжийг авч сууна. Сургуулиа төгсөөд дөнгөж ажилд орох гэж байгаа дипломаа барьсан хүүхэд шиг их баяр жаргалыг мэдэрч байна.
ӨС: Маш их баярлалаа. Танд үүнийг ингээд өөрчилчих юм сан, эсвэл ингээд өөрчилсөн нь манай суманд жишиг болохуйц болсондоо гэж хардаг зүйл байдаг уу?
Р.Г: Аливаа зүйлийг зөв нүдээр харвал зөв л харагддаг. Буруу нүдээр харвал бүгд буруу. Хийсэн бүхэн нь буруудаад явдаг нийгэм болчихжээ. Гэхдээ бид харах өнцгөө өөрчлөх ёстой. Хүн нэг зүйл хийсэн байвал түүний давуу талыг нь л олж хар. Тэгж байж бид орон нутгаа хөгжүүлнэ. Сүмбэрчүүдийнхээ харах өнцгийг өөрчлөөд, иргэн бүр бүтээлч байгаад, давуу талаа товойлгоод, хамтарвал болохгүй гэх газаргүй. Орон нутагт зөндөө л зүйл хийгдэж байна. Хийсэн болгоноо бид үгүйсгээд явбал өнөөдөр бид хөгжихгүй. Бие биедээ талархалтай л хандаж сурмаар байна. Талархалтай хандаж сураагүйгээсээ болоод бид бие биенийнхээ хийсэн зүйлийг унтраагаад байгаа юм.
Багш, аав ээж чинь нандин эрдэнэ, эх орон чинь аугаа эрдэнэ шүү
ӨС:Залуу үеийнхэндээ хандаж хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл?
Р.Г: Аливаад үргэлж эерэг байгаарай л гэж хэлье. Дээр нь бүтээлч бас хөдөлмөрч байгаарай. Ахмадуудаа сонсож, хүндэтгэлтэй ханддаг байхыг зөвлөе. Хүн болгонд дандаа гэгээлэг, зөв зүйл байдаг. Тэрийг л олоод харчих юм бол ажил, амьдралын чинь зам дардан байна. Аливааг хийхдээ чин сэтгэлээсээ, байгаа орчиндоо үнэн кайфарч ажиллавал ажилдаа ч дуртай байна. Багш нь хүүхдүүддээ “миний хүүхдүүдэд үсэг тоо хоёр хэрэггүй, зөв төлөвшилтэй, зөв хүмүүжилтэй бол. Багш, аав ээж чинь нандин эрдэнэ, эх орон чинь аугаа эрдэнэ. Энэ эрдэнүүдээ ямагт сүсэглэж явж байгаарай, хүн болгонтой эвтэй, бодох санах юм аа шууд хэлээд, цэг тавьж сурч байгаарай. Битгий бие, сэтгэлдээ агуулж явж байгаарай гэж захидаг.
ӨС:Та дараагийн 10-н асуулт, 10-н хариулт буланд хэнийг ороосой гэж хүсэж байна вэ? Яагаад.
Р.Г: Урих хүмүүс бол их байна аа. Хамгийн нандин дурсамжтай зүйл 2011.1.5 нд захирал болсон юм. Яг 26 хоногийн дараа багш нарын баяр болох гээд. Тэгтэл 2008 онд төгсгөж байсан ангийн маань шавь Э.Ууганцэцэг сэтгүүлч болохоор сурч байгаа, “Хөрөг таталбар” бичсэнээ дурсгах гэсэн юм аа гээд өгч байсан энэ бэлгийг 2011 оноос хойш 11 жил багш нь нандигнаж явж байна. Чихэр, шоколаднаас илүү хамгийн үнэтэй. Тиймээс Ууганаагаа дараагийн Төгсөгчдөөс асуух 10-н асуулт, 10-н хариулт буланд оролцуулахыг санал болгож байна.
Ярилцсанд баярлалаа.