"Өсвөрийн сэтгүүлч" клубээс бэлтгэн хүргэдэг "Төгсөгчдөөс асуух 10 асуулт, 10 хариулт" ярилцлагын булангийн ээлжит зочиноор 2007 онд ЕБС-ийг төгсөж байсан одоо манай сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж буй #Отгонбаярын_Ганцэцэг оролцлоо... Түүнийг бидний бэлтгэсэн 10 асуултанд хэрхэн хариулсныг болоод ээлжит дугаарын зочиноор хэнийг санал болгосныг уншигчдадаа хүргэж байна.
ӨС: Танд энэ өдрийн мэндийг хүргэе, бидэнтэй цаг зав гарган ярилцлахаар болсон танд уншигчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. Бидний оролцогчдоосоо асуудаг уламжлалт асуулт байдаг. Та өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл?
О.Г: Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд Нягтлан бодох бүртгэлээр суралцсан. Төгссөнөөсөө хойш 2014 оноос эхлүүлэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Шударга, хэлье гэсэн үгээ хэлчихдэг, ажилдаа хариуцлагатай, нийтэч гэсэн үгнүүдээр илэрхийлье.
ӨС: Төрийн банкны Сүмбэр сум дахь салбарын үйл ажиллагаанаас манай уншигчдад танилцуулбал?
О.Г: “Төрийн банк” 2011 онд анх “Хадгаламж” нэртэйгээр Сүмбэр суманд үйл ажиллагаа эхэлж байсан. 2 жилийн дараагаас буюу 2013 оноос эхлэн “Төрийн банк” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тооцооны төвийн анхны эрхлэгчээр Болдын Уранчимэг, Ахлах теллерээр нь Я.Отгонбаяр, теллэрээр нь Ч.Өлзийтбат гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Төрийн банк одоогоор найман төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Орлого зарлагын гүйлгээ, урт болон богино хугацааны зээл, хугацаатай, хугацаагүй хадгаламж, даатгал... зэрэг үйлчилгээг иргэддээ үзүүлдэг.
Миний ажлын давуу тал бол хүмүүсийг дэмжиж ажиллах, хүртээмжтэй байдлаар түүнийг нь олгох
ӨС: Таны ажлын онцлог давуу тал болон сул тал юу вэ?
О.Г: Миний харснаар сум орон нутгийн хөгжил цэцэглэлт банкны үйл ажиллагаанаас бас хамаараад байна уу даа гэж боддог. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдэд хэрэгцээт зээлийг нь гаргах, тэгснээр хийж буй бизнес нь өргөжих, ингэснээр орон нутгийн хөгжил, иргэдийн амжиргааг дэмжиж буй нэг алхам болов уу. Миний ажлын давуу тал бол хүмүүсийг дэмжиж ажиллах, хүртээмжтэй байдлаар түүнийг нь олгох. Сул тал, бэрхшээлтэй зүйлийг ажлаасаа олж хардаггүй дээ. /инээв/
ӨС: 10-н жилийн сурагч байхад чинь сэтгэлд үлдсэн тод дурсамж гэвэл?
О.Г: 10-н жилийн дурсамжинд инээдтэй, мартагдахааргүй зүйлс их олон бий л дээ. Санаанаас гардаггүй, тэрүүхэн тэндээ бас дургүй хүрдэг зүйл гэвэл/ инээв/ 10 жилд байхад намайг “ямаа” гэж хочилдог байлаа. Манай ангийн Бямбацогт намайг байнга ямаа гэж дуудаж уйлуулдаг. Тэгэнгүүт нь л ээж дээрээ ирээд ховлоно, ээж банкинд ажиллана. Уйлаад л зогсоод байхаар ээж намайг чирээд л сургууль руу явдаг... Ээж бид хоёрыг ирж байхыг харангуутаа Бямбаа ангийн цонхоор гараад зугтаачихдаг. Ээжид баригддаггүй, тэгснээ намайг их дооглодог, уйлуулдаг хүүхэд байсан. Тэрийг манай ангийнхан одоо ч гэсэн уулзахаараа ярьдаг.
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн минь ч ээжтэй минь л холбоотой
ӨС: Та юунаас, хэнээс хамгийн их урам зориг, эрч хүч авдаг вэ?
О.Г: Ер нь бол арван жилээсээ эхлүүлээд ээжээсээ энэ амьдралынхаа бүхий л урам зориг, итгэл найдвар, эрч хүчийг авч ирсэн, одоо ч түүгээр хөглөгдөн амьдарч байна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн минь ч ээжтэй минь л холбоотой. Ээж маань банкинд ажилладаг, дүрэмт хувцас өмсдөг, хүмүүстэй их сайхан нийтэч харилцдаг, энэ бүгдийг би өөрийн нүдээр харж өссөн, цуг ажлаас нь хийлцдэг, мөнгийг нь боолцдог тийм байлаа л даа.Тийм учраас ээжээрээ маш их бахархаж явдаг.
ӨС:Орон нутагт ажиллаж амьдрахын давуу болон сөрөг талыг та юу гэж хардаг вэ?
О.Г: Хотод хүн ажил хийхэд орлоо гарлаа л бол мөнгө. Суманд бол ний нуугүй хэлэхэд орлоо гарлаа бэлэн бусдаж байна шүү дээ. Бүгдээрээ л бие биенээ таньдаг, энд тэнд явахад нэр нүүртэй. Инээдтэй, халгиатай, цалгиатай л явцгаадаг. Сул тал гээд байх юм бараг байхгүй дээ. Яах вэ хөгжил цэцэглэлтээс хол байж магадгүй. Оюутан найз нөхөд... холдож байгаа л даа.
Хэрвээ Батцэцэг багш маань намайг дэмждэггүй, хурцалдаггүй, зөвлөн чиглүүлж байгаагүй бол би энэ мэргэжлээ сайн эзэмшиж чадаа ч уу, үгүй ч уу...
ӨС. Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
О.Г: За байз, зөвлөгөө гэхээр Их сургуулийн маань багш Батцэцэг гээд эмэгтэйг онцолж яримаар байна. Оюутан байхдаа 2011-2014 он хүртэл ангийн дарга байсан. Багш минь их урам хайрлаж, тэрэнд ор, энэнд ор, чи л чадна, чи л хийх ёстой гэж мотиваци өгч, хойноос минь түлхэж, урд минь үлгэрлэж явсан гэж одоо боддог юм. Хэрвээ тэр хүн тэгж хэлээгүй бол би мэргэжлээ сайн эзэмшиж чадаа ч уу үгүй юу... сургуулиа хаях ч юм уу тийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Багшдаа маш их баярлаж явдгаа энэ дашрамд хэлье.
ӨС: 10 жилдээ энэ л хүн шиг болох юм сан гэж одооны залуусын хэллэгээр “крашлаж” явсан эрхэм бий юу, байдаг бол сайхан чанаруудаас нь дурьдаач?
О.Г: За Р.Гэрэлсайхан багшийгаа хэлье. 10 жилд байхад манай сургуулийн Монгол хэл, бичгийн багш байсан. Бидэнтэй, хүүхдүүдтэй хамгийн дотно, нийтэч багш байсан. Хүүхдүүдийг магтах үедээ магтсан шиг магтдаг, зандрах үедээ даацтайхан хэлж чаддаг, урамшуулахдаа ч гаргууд... Одоо хүртэл сумынхаа сургуулийн захирлаар үр бүтээлтэй, үлгэр жишээчээр ажиллаж байна. 2007 онд арван жилийн сургуулиа төгсөөд 2014 онд ажиллаж амьдрахаар сумандаа ирж байсан гэж дээр ярьсан. Тухайн үед сурч байсан сургууль, түүнээс хойш ажиллаж амьдрахаар ирж байсан үеийг харьцуулбал... одоо манай сургууль... харагдаж байгаа байхгүй юу.
Манай сум залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, зугаалах, агаарлах газар байхгүй
ӨС: Ийм болгочих юм сан, эсвэл үүнийг ингээд өөрчилсөөр манай сум бас болж байна даа гэж хардаг зүйлс юу байна?
О.Г:Би ингэж боддог юм. Манай сум залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, зугаалах, агаарлах газар байхгүй. Тэр нь байхгүй болохоор залуус нэгнийдээ, найз нөхдийндөө очиж л инээж, ярьж суудаг. Нэг хэсэг нь шонгийн модны дор сагс, гар бөмбөгөө тоглож өнжиж байна. Тэгвэл үүнийг яагаад нэг цогц болгож шийдэж болохгүй гэж. Том талбай, газар нутаг суманд байна. Үүнийг ашиглаад хүүхэд, залуус чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөдөг газар болгож цэцэрлэгт хүрээлэнтэй болоосой гэж их хүсдэг. Бусдыг нь манай хэд өөрсдөө зохицуулаад болгочих байх аа/ инээв/
Эрэлттэй байгаа мэргэжлээс гадна эрэлт бага байгаа, орон нутагтаа хэрэгцээт мэргэжлээр суралцан, мэргэжилтэй болоосой гэж зөвлөмөөр байна
ӨС: Тэгвэл өсвөр үеийнхэнд хандаж өөрийн туршлагаасаа хуваалцан нэг зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцлох вэ?
О.Г: Ер нь бол хамгийн чухал зүйл бол мэргэжил, мэргэжил сонголт. Мэргэжлээ зөв сонгоогүйгээс, манайхан дипломын гол гэж ярьдаг тийм болоод байна. Эрэлттэй байгаа мэргэжлээс гадна эрэлт бага байгаа, орон нутагтаа хэрэгцээт мэргэжлээр суралцан, мэргэжилтэй болоосой гэж зөвлөмөөр байна. Эрүүл мэндийн салбар, эмч, эмзүйч... малын эмч, хөдөө аж ахуй, бага ангийн багш... зэрэг нийгэмд ховордоод байгаа мэргэжлүүдээр суралцаасай, битгий хэт туйлшраасай... гэж хэлье.
ӨС. Та дараагийн 10 асуулт, 10 хариулт ярилцлагын буланд хэнийг ороосой гэж хүсэж байна вэ, яагаад?
О.Г: Бахархал төрүүлдэг багш маань гээд би дээр ярьсан. Тиймээс Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Рагчаабазарын Гэрэлсайхан багшийгаа урьж байна. Сум орон нутагтаа олон жил үр бүтээлтэй, үлгэр жишээчээр ажиллаж амьдарч байгаа, маш олон хүнтэй хамтарч ажиллаж, хийж буй ажлаа “цэцэглүүлж, сайхан болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулж буй, түүнчлэн сум орон нутагтаа ч хэлэх үг байгаа байх гэж бодож байна... тиймээс Гээнээ багшийг оролцуулах санал хүргүүлж байна...
Ярилцсанд баярлалаа