"Төгсөгчдөөс асуух 10 асуулт 10 хариулт" булангийн хоёр дахь дугаарын зочиноор ЗДТГ-ын Санхүү албаны дарга Даажамбын Мөнхжаргал оролцлоо. Түүнийг манай анхны зочин Н.Билгүүн оролцуулах санал тавьсныг уншигчид санаж буй биз ээ. Д.Мөнхжаргал ах ЕБС-ийг 2009 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд мөн л орон нутагтаа ажиллаж амьдрахаар ирсэн тэрбээр ажлын гараагаа манай сургуулийн Нягтлангаар эхэлсэн бөгөөд ЗДТГ-т Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оноос Санхүү албаны даргаар ажиллаж байгаа аж. “Би энэ сумын унаган хүүхэд. Тэр утгаараа энэ суманд нэг ч гэсэн гэрэл, нэг ч гэсэн бүтээн байгуулалт, нэг ч гэсэн айлын хашаа сайхан болчихсан байхад түүнээс маш том урам зориг авдаг” гэж ярьсан түүний бидний бэлтгэсэн 10 асуултанд хэрхэн хариулсныг та бүхэнд хүргэж байна. Тэр дараагийн ярилцлагын зочиноор хэнийг санал болгосон бол...
Сайн байна уу, манай клубийн төгсөгчдөөс асуух 10 асуулт, 10 хариулт буланд оролцсон Билгүүн ах таныг дараагийн оролцогчоор оруулах санал тавьсан юм. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Д.М:Юуны өмнө ийм гоё ярилцлага хийж буй “Өсвөрийн сэтгүүлч” клубийн дүү нартаа болон энэ ярилцлагын дараагийн оролцогчоор оруулах саналыг тавьсан арван жилийн ангийн найз Н.Билгүүндээ баярлалаа гэж хэлье.
-ӨС: Эхний асуулт та өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл?
-Д.М: За би бол төсвөөр авч үзээд сумыг машин гэж төсөөлбөл мотор нь. Төсвийн мөнгийг хэмнэлттэй, үр ашигтай, хүртээмжтэй, ил тод зарцуулахыг баримталдаг. Гэр бүлдээ бол сайн аав, сайн эцэг байх юм сан гэж боддог.
-ӨС: Сумынхаа Санхүү албаны даргатай уулзах завшаан бидэнд тохиолоо. Тиймээс сумын төсвийн талаар бидэнд энгийн ойлголт өгөөч?
-Д.М: Сумын төсөв нь орон нутгийн орлогоос, аймгийн орлогоос, улсын төсвөөс гэсэн үндсэндээ гурван хэсгээс бүрддэг. Энэ онд манай сумаас 14 төрлийн орлого орохоос 169.248.700 төгрөг орон нутгаас орох юм. Аймгаас 655.578.600 төгрөг, нийтдээ энэ онд 986.638.400 төсөв зарцуулахаар ИТХ-аар батлуулсан байна.
-Энэ онд ОНХС-ийн санхүүжилтээр 6 ажил хийхээр төлөвлөсөн-
-ӨС: ОНХС-ийн талаарх ойлголт болоод энэ онд манай сум ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа бол?
-Д.М:ОНХС бол багийн иргэдээс санал аваад, авсан санал дээр үндэслэн хоёр баг санхүүг нь төсөвлөн, ОНХС-ийн ажлын хэсгээр орж хуралддаг. Энэ гаргасан саналуудыг эхний ээлжинд эрэмбэлэдэг юм. ОНХС-д тодорхой журам байдаг, тэр журамтай хэр уялдсан байна... гэдгийг анхаарч хардаг. Манай сумын тухайд алслагдсан сум байхгүй учраас хамгийн түрүүнд нэн шаардлагатай байгаа ажлуудаа эрэмбэлээд оруулдаг. Энэ жилийн ОНХС-ийн санхүүжилтээр орон нутагт зургаан ажил төлөвлөгдсөн байна. Тодруулаад хэлбэл сумын төвийн ундны усны асуудал, худаг засвар, Хүүхдийн тоглоомын талбай, төв зам дагуух ногоон байгууламж, Жавхлант хорооллын гэрэлт цамхаг, золбин нохойн устгал, сумын төвийн тохижилт, явган хүний зам... зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
-ӨС: Таны хийж буй ажлын онцлог юу вэ эерэг сайн ба бэрхшээлтэй талууд?
-Д.М: Хүн бүхний хийж буй ажлын үүрэг оролцооноос шалтгаалаад эерэг сайн ба бэрхшээлтэй талууд тулгардаг байх л даа. Би дүү нартаа ажлынхаа сайхан талаас нь хэлье гэж бодож байна. Эерэг тал нь гэвэл төсвийн мөнгийг үр ашигтай, хүртээмжтэй зарцуулах юм сан, тэр хэрээр орон нутаг минь өнгөжин дэвжээсэй гэж бодож явдаг даа.
ӨС: Цаашид Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцья гэж бодож байгаа хүүхдүүд юун дээр анхаарах вэ?
Д.М:Төсөв, санхүү гэдэг тоотой холбогддог зүйл шүү дээ. Нэгдүгээрт математикийн хичээлдээ сайн байх ёстой. Би англи хэл, математик, физикийн хичээлүүдээр ЭЕШ өгч байлаа. Түүнчлэн тооны чиглэлээр явахаар шийдсэн бол санхүүгийн сахилга баттай байх ёстой гэж хэлье даа.
-10-н жилдээ “Жалам хар” бүжиг бүжиглэж байснаа хэзээ ч мартдаггүй ээ-
ӨС:Арван жилд сурч байхад чинь үлдсэн хамгийн тод дурсамжаа хуваалцаач?
-Д.М: /инээв/ 10 жилийн хамгийн тод дурсамж гэвэл урлагийн үзлэгт ороод монгол ардын бүжиг “Жалам хар”-ыг бүжиглэж байсан минь. Тэр явдал миний санаанаас хэзээ ч гардаггүй. Хамгийн тод дурсамж гэвэл энэ л байна даа.
ӨС:Та хэнээс юунаас эрч хүч, урам зориг олж авдаг вэ?
-Д.М:Би энэ сумын унаган хүүхэд. Тэр утгаараа энэ суманд нэг ч гэсэн гэрэл, нэг ч гэсэн бүтээн байгуулалт, нэг ч гэсэн айлын хашаа сайхан болчихсон байхад түүнээс маш том урам зориг авдаг. Сумаа хөгжүүлж буй, шинээр бий болгосон бүхнээс л урам авдаг.
-ӨС: Орон нутагт ажиллаж амьдрахын давуу болон сул талыг юу гэж хардаг вэ?
-Д.М: Төрж өссөн орон нутагтаа ажиллаж амьдарна гэдэг бол миний хувьд том бахархлуудын маань нэг. Сумын удирдлагууд орон нутгийнхаа хүүхдүүдийг дэмжин сумандаа ажиллах нөхцөл боломж олгож буйд нь талархаж явдаг. Дүү нартаа хэлэхэд их дээд сургуулиа төгсөн мэргэжилтэй болж ирээд сумандаа ирж ажиллаарай, орон нутагтаа ажиллаж амьдрахын давуу тал их шүү гэж л хэлье.
-Би аавдаа их баярлаж явдаг-
-ӨС: Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
-Д.М: Би аавдаа их баярлаж явдаг. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэж сайхан үг байдгийг аав маань ямагт захиж хэлдэг. Түүнчлэн Чингис хаан банкны захирлаар ажиллаж байсан миний хуурай ах бий. Тэр ах маань намайг оюутан байх, сургуулиа төгсөх үед газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй “мундагуудтай” уулзуулж, тэднээс үг сонсож явсан минь миний амьдралд хамгийн том өөрчлөлт, хувь хүн болж төлөвшихөд их түлхэц болжээ гэж хардаг. Тэр хүмүүсээс сонсож байгаагүй үгээ сонсож, нүд нээсэн гэхэд болно. Тэд хэлэхдээ тууштай байгаарай, зорилготой байгаарай, хийж буй ажилдаа үнэнч байж гэмээнэ хүн ард нь гардаг шүү... гэж хэлж байсныг дүү нартаа захиж хэлье.
-Хүн юун түрүүнд мэргэжлээ л зөв сонгох хэрэгтэй-
ӨС: Залуу үеийнхэндээ хандан, хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?
Д.М: Дүү нартаа хандаж хэлэхэд удахгүй 10-н жилээ төгсөнө. Хүн юун түрүүнд мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Мэргэжлээ зөв сонгоно гэдэг хүн өөрийнхөө хийж чадна гэсэн чиглэлээрээ тууштай суралцахыг хэлэх байх. Хүний амьдралд алдаатай, оноотой олон зүйл тохиолдоно. Тэр бүхэнд шантарч сургуулиасаа гарах тохиолдлууд ч зөндөө байдаг. Хамгийн гол нь би үүнийхээ ард гарч чадна гэсэн мэргэжлээрээ л суралцаарай гэж дахин дахин хэлмээр байна.
ӨС: Та дараагийн 10 асуулт 10 хариулт буланд хэнийг оролцоосой гэж хүсэж байна вэ?
-За төсөв санхүүгийн хүн болоод ч тэр үү, нэгэн цагт хамт ажиллаж байсан, одоо Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байгаа О.Ганцэцэгийг дараагийн "Төгсөгчдөөс асуух 10 асуулт, 10 хариулт" буланд оролцоосой гэж хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.
Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.
"Өсвөрийн сэтгүүлч" клуб