Өсвөрийн сэтгүүлч клуб нь өөрийн нэрийн таван буланг эрхлэн гаргаж буй бөгөөд үүний нэг нь Сүмбэрийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөн, орон нутагтаа хийгээд өөр хот улсад ажиллаж амьдарч буй ах эгч нараасаа “Төгсөгчдөөсөө асуух 10 асуулт, 10 хариулт” булан хүргэж байхаар болсон юм. Тэгвэл энэ булангийн анхны зочиноор 2009 онд ЕБС-ийг төгсөн одоо тус сумын ХААН банкинд Ахлах теллерээр ажиллаж буй Нэргүйн Билгүүнийг онцоллоо. Нүдээрээ инээмсэглэн, хэн бүхэнтэй найрсаг харилцдаг, түүгээрээ имидж хийсэн даруухан ах Н.Билгүүний дотоод ертөнц хийгээд, хувь хүний онцлог, мотиваци авдаг зүйлс, амьдралынх нь хамгийн үнэ цэнтэй бүхэн юу болох, орон нутагтаа ажиллаж амьдрахын сайхан болоод халаглаж явдаг зүйлсийн тухай ер нь түүний ертөнцөөр хамтдаа хэсэгхэн хором саатья.
Өсвөрийн сэтгүүлч:Сайн сайн байна уу. Бид “Өсвөрийн сэтгүүлч” клубийнхэн байна. Манай клуб “Төгсөгчдөөсөө асуух 10 асуулт 10 хариулт” гэдэг булан хийж байгаа юм. Та бидний хамгийн анхны оролцогч болж байна. Урилгыг минь хүлээн авсанд маш их баярлалаа.
Н.Б: За баярлалаа.
ӨС: Та бидэнд өөрийгөө 3 үгээр тодорхойлооч?
Н.Б: Үнэхээр хэцүү асуулт байна. Би их тайван. Дээр нь хонь жилтэй. Бас их тусч гэж боддог. Тиймээс тайван, тусч, хонь гээд хариулчихья./инээв/
ӨС: Үнэхээр хошин хариулт байлаа. Таны цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Н.Б: Цаг хэмнэх ээ, Цэгцтэй байх, юмыг дэс дараатай л хийвэл цагийг хэмнэнэ дээ.
ӨС: Тэгвэл та ямар зүйлсийг хийхдээ ер нь гаргууд сайн бэ?
Н.Б: Сайн хийж чаддаг зүйлс гэсэн үг үү. Тэгэхээр нэгдүгээрт шүлэг унших юм болов уу. Дараа нь компьютерийн хэрэглээний программууд дээр боломжийн./инээв/
Ажлын маань хамгийн хэцүү нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг биелүүлж чадахгүй, боломжгүй юм байна гэж хэлэх...
-Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ, эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй нь яг юу вэ?
Н.Б: Миний ажилд сайхан зүйл их ээ. Дандаа хүмүүстэй харилцдаг. Үйлчилгээний байгууллага учраас хүнтэй эелдэг харилцаж, харилцагч бүрийнхээ асуудлыг шийдэхийн төлөө бид хичээж байгаа учраас хамгийн сайхан нь тэр. Харин зарим хүндрэлтэй тал нь үйлчлүүлэгчид ажилтнуудаас боломжгүй зүйл хүссэний төлөө бид үгүй гэж хэлээд гаргах, хүсэлтийг нь биелүүлж чадахгүй байх л хэцүү байдаг даа.
-ӨС:Та илүү нээлттэй хүн үү аль эсвэл дотогшоогоо хүн үү энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Н.Б: Ёстой үнэхээр хэцүү асуулт байна. Нэг бодлын нээлттэй хүн гэж боддог. Заримдаа дотогшогоо даруухан ч байж чаддаг. Ер нь хувирах, хөрвөх чадвартай байх хэрэгтэй болов уу.
Хоёр хүүгээсээ хорвоогийн хамгийн сайхныг хүртэж, баясаж амьдарч байна
-ӨС: Та хэнээс юунаас урам зориг эрч хүч олж авдаг вэ?
Н.Б:Хоёр хүүгээсээ хорвоогийн хамгийн сайхныг хүртэж, баясаж амьдарч байна. Амьдралд хэцүү асуудлууд зөндөө байдаг. Тэр бүхэнд нугарахгүй, “дарагдчихгүй юм сан” гэж их хичээдэг. Тэр бүхэнд сөхрүүлэхгүй, ганхуулахгүй бат итгэл найдвар өгөгчид бол яалт ч үгүй миний хөвгүүд, миний гэр бүл.
-ӨС: Орон нутагт ажиллаж амьдрахын давуу болон сул талыг та яг юу гэж хардаг вэ?
Н.Б: Өө энэ тухай яривал их олон зүйлийг ярина л даа. Би дээд сургуулиа төгсөөд л нутагтаа, сумандаа амьдрахаар шууд ирсэн.Учир нь хотод зөндөө олон асуудлууд байдаг шүү дээ. Түгжрэл, утаа дээр нь өртөг өндөртэй. Хүүхдийн аюулгүй өсөж торних нөхцөл байдалтай бүр ярилтгүй. Хөдөө бол сайхан, тайван орчинтой. Би хэзээд хотоос хөдөөг нэгдүгээрт тавина. Нутагтаа амьдрах сайхан байна аа.
ӨС: Та манай уншигчдад, сурагчдад заавал уншаарай гээд ном санал болговол, ямар номыг онцлох вэ?
Н.Б: Яг тулгамдсан чинь нэрийг нь санадаггүй ээ. Бага ангид байхдаа уншиж байсан юм. Одоо гэхдээ манай сургуулийн номын санд байдаг. Нилээн хэдэн хувь харагддаг, сурагчид зугаалгаар яваад л адал явдалтай учраад... Та бүхэн сургуулийнхаа номын санчаас сураглаж байгаад олж уншаарай. Амьдралыг танихаар хичээж буй өсвөр үеийнхэнд лав их таалагдах байх аа. Яг нэрийг нь сайн санахгүй байна.
Найзын маань хэлсэн үүнээс ч илүү байж болох байсан шүү дээ гэж хурцалдаг байсан нь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зөвлөгөө
-ӨС: За, тэгвэл таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Н.Б:Надад ямар нэг асуудал тулгарлаа гэхэд би байнга тэгж ярьдаг байсан байхгүй юу. Үүнээс муу байж болох байсан шүү дээ гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Харин миний сайн найз болохоор үүнээс ч илүү байж болох байсан шүү дээ гэж хурцалдаг байсан юм. Найзын маань тэр зөвлөгөө амьдралын минь хамгийн үнэтэй зөвлөгөө гэж би боддог.
-ӨС:Тэгвэл та өсвөр үеийнхэн, үе тэнгийн найзуудад маань хандаж яг одоо ямар зөвлөгөө өгөх вэ?
Н.Б: Залуу үеийнхэндээ хандаж уу? Ер нь аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг байгаарай. Хандлага маш чухал болсон цаг үе ирсэн шүү. “Ээжийн маань хэлдэг нэг үг байдаг. Хүний гарын алгыг дээшээ харуулдаг, баярлуулдаг хүн хэзээ нэгэн цагт хариуг нь хүртдэг ээ” гэж гоё үг байгаа биз. Тэгэхээр ер нь хүнд тусалж, өөдрөг, сэтгэлээрээ тэгээд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, чин сэтгэлээсээ хийхийн төлөө бүхнээ зориулдаг нэгэн байгаарай гэж зөвлөе. Өөр зөндөө зүйлийг хэлмээр л байна. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр зүйлсийг хүн эзэмшсэн байх хэрэгтэй л гэж боддог доо.
-ӨС: Та дараагийн 10 асуулт 10 хариулт буланд хэнийг оролцоосой гэж хүсч байна вэ яагаад?
Н.Б: Дараагийн оролцогч уу, за би арван жилийн нэг ангийн хөвгүүн байсан, одоо Засаг даргын тамгын газарт Санхүү албаны даргын албыг хашиж буй Даажамбын Мөнхжаргалыг оролцоосой гэж хүсэж байна. Та бүхний ажлыг дэмжинэ байхаа гэдэгт итгэлтэй байна аа.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Өсвөрийн сэтгүүлч клуб