Ахмад дайчин Самдангийн Шарав

С.Шарав нь 1914 онд Архангай аймгийн Цэнхэр суманд малчин ард Самдангийн ууган хүү болон  мэндэлжээ.  Төрсөн цагаасаа аав ээжийн хамт мал маллаж байгаад 1938 онд эх орны дуудлагаар цэрэгт явж, Халх голын 8 дугаар дивизын морьт хороонд 1939 , 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Цэрэгт байх хугацаандаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж Халх голын 50,60 жилийн ойн медаль, “Бид ялав” медаль, 1939 он тэмдэгээр тус тус шагнуулж байжээ. 

1946 онд цэргээс халагдаж Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул бригадад нэгдлийн адуу маллаж байхдаа өөрийн хань Самбуутай гэр бүл болж 2 хүү төрүүлсэн. 1978 онд тус суманд шилжин ирж, саалийн фермд үхэр хариулж, 1983-1985 он хүртэл авто гражид манаачаар ажиллаж байсан 

1939, 1945 оны хоёр дайнд оролцсон, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө амь бие хайргүй тэмцэж, хойч үедээ эгнэгт дурсагдах алдар хүндтэй гавьяа байгуулсан ахмад дайчин юм.