Ахмад дайчин Самдангийн Шарав

С.Шарав нь 1914 онд Архангай аймгийн Цэнхэр суманд малчин ард Самдангийн ууган хүү болон  мэндэлжээ.  Төрсөн цагаасаа аав ээжийн хамт мал маллаж байгаад 1938 онд эх орны дуудлагаар цэрэгт явж, Халх голын 8 дугаар дивизын морьт хороонд 1939 , 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Цэрэгт байх хугацаандаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж Халх голын 50,60 жилийн ойн медаль, “Бид ялав” медаль, 1939 он тэмдэгээр тус тус шагнуулж байжээ. 

1946 онд цэргээс халагдаж Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул бригадад нэгдлийн адуу маллаж байхдаа өөрийн хань Самбуутай гэр бүл болж 2 хүү төрүүлсэн. 1978 онд тус суманд шилжин ирж, саалийн фермд үхэр хариулж, 1983-1985 он хүртэл авто гражид манаачаар ажиллаж байсан 

1939, 1945 оны хоёр дайнд оролцсон, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө амь бие хайргүй тэмцэж, хойч үедээ эгнэгт дурсагдах алдар хүндтэй гавьяа байгуулсан ахмад дайчин юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сономын Цагааншүхэрт

Цагааншүхэрт

Сономын Цагааншүхэрт нь 1926 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатарыг 1961-01-11-ний өдрийн  №08 тоотоор хөдөлмөрийн баатар болсон.
1942 оноос Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сум, сангийн аж ахуйд механикжуулагч, бригадын даргаар 46 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. “ДТ-54” трактораар 1958 онд зөөлөнд шилжүүлснээр 490 га, 1959 онд ажлын 79 хоногт 1364 га, 1960 онд ажлын 68 хоногт 1025 га газар хагалж, 313 га-гаас 487,4 центнер ургац хурааж, 1959-1960 онд “С-6” комбайнаар 481-513 га-гийн тариа хадаж, 382,0-487,4 центнер ургац хурааж жил бүр 5000 шахам литр шатахуун хэмнэж гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улсын тэргүүний тариаланчдын удаа дараагийн зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр 2 удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Монгол Улсын аварга комбайнч Доржийн Батаа

батаа

Шангас овогтой Доржийн Батаа нь 1930 онд Увс аймгийн Ховд сумд төрсөн.
1957 оны 5-р сард Төв аймгийн Жаргалантын САА-д илгээлтээр ирж тракторч комбайнчийн мэргэжил эзэмшин 1976 он хүртэл ажилласан. Д.Батаа нь Октябрийн САА буюу одоогийн Төв аймгийн Сүмбэр сумыг байгуулалцаж газар тариаланд тасралтгүй 50 гаруй жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дунджаар 265 га газраас тогтмол 428-440 тн тариа хурааж гарамгай амжилт үзүүлэн БНМАУ-ын өндөр ургацын аварга 1967, 1969, 1973 онуудад 3 удаа, Төв аймгийн “Өндөр ургацын аварга” 5 удаа, сумын 7 удаагийн аварга, 1967 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 оны 3-р сарын 9-нд Жаргалантын САА-н хүндэт дэвтэрт, 2005 онд Алтан гадас одон, Улс хувьсгалын ойн медалиуд, Халх голын ялалтынойн медалиудаар шагнагдаж байсан. Тракторч комбайнчаас САА-н орлогч дарга хүртэлх алба хашиж байсан. 2003онд Төв аймгийн Сүмбэр сумын хүндэт иргэнээр өргөмжлөгдөж сумын хүндэт дэвтэрт бичигджээ. 

 

 

Ахмад дайчин Пүрэвийн Сэрээтэрдагва

СэрээтэрдагваП.Сэрээтэрдагва 1918 онд Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Бүст нуурын хойд дунд булагт мэндэлжээ.

Багадаа хатавчийн хүрээнд шавилан сууж байгаад 1930 оны эхээр хар болж мал маллаж байгаад 1939 онд цэргийн албанд татагдаж 5 жил 8сар цэргийн алба хашиж 1945 оны чөлөөлөх дайнд оролцсоны дараа халагджээ. Цэргийн алба хаасны дараа нутагтаа мал маллаж багийн дарга, хөдөө аж ахуйн нэгдэлийн бригадын тоо бүртгэгч, нярав зэрэг ажил хийж байгаад 1964 онд элсэлтээр Жаргалант сангийн аж ахуйд ирж Талбулаг тасагт няраваар тэтгэвэрт гартлаа ажилласан байна. 1977 онд хүүхдүүдээ дагаж Октябрь сангийн аж ахуй буюу одоогийн Сүмбэр суманд шилжиж ирсэн байна.

1939, 1945 оны хоёр дайнд оролцсон ахмад дайчин П.Сэрээтэрдагва цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Японыг ялсны медаль, Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, халх голын дайны медалиуд, Жуковын медаль зэрэг шагналууд хүртжээ.